#17: Дээд боловсрол
Дээд боловсролын салбарт өнгөрсөн хичээлийн жилд 33 их сургууль, 30 дээд сургууль, 1 коллеж үйл ажиллагаа явуулсан ба тэдгээрт нийт 145345 оюутан суралцаж, 5112 багш хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, 6552 ажилтан, албан хаагч ажиллалаа.
Нийт их, дээд сургууль, коллежийн 16 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна.
Их, дээд сургууль, коллежийн нийт суралцагчдын 55.1% буюу 80133 нь төрийн өмчийн, 39.4% буюу 57258 нь хувийн өмчийн, 5.5% буюу 7954 нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцсан байна.
Дээд боловсролын салбарт:
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, хагас бүтэн өнчин, ялгаатай хэрэгцээт 998 оюутныг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 236 оюутан хамрагдаад байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 1126 ялгаатай хэрэгцээт оюутан хамрагдаж байгаагаас 104 нь сонсголын бэрхшээлтэй суралцагч байна. Сонсголын бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээг хэрэгжүүлсэн.
2024 оны 3,4,5 дугаар сард Цагдаагийн ерөнхий газартай хамтран өсвөр насны хүүхэд, оюутан залуучуудыг амьдралын зөв дадал хэвшилд уриалах, хорт зуршлаас ангид байлгах, утаат болон электрон тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршигаас урьдчилан сэргийлэх зорилготой “STUDENT” арга хэмжээг 25 их, дээд сургуулийн 10147 оюутанд 70 удаагийн сургалтаар зохион байгуулж, тэдэнд хорт зуршлаас татгалзах соёл, мансуурал донтолтын хор уршиг, хууль эрх зүйн хариуцлагын талаарх мэдлэг олголоо.
Энэ хичээлийн жил орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг уг арга хэмжээнд хамруулахаар төлөвлөөд байна.
Өмчийн бүх хэлбэрийн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан, МБСБ, ПК-ийн суралцагчид нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих “U-Money” цахим төлбөрийн картыг Е-монголиа платформын E-student цэсээр дамжуулан захиалах, олгох, түгээх ажлыг И-монголиа, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран зохион байгуулж 65 их, дээд сургуулийн нийт 22636 оюутны карт захиалга авсан ба үүнээс шинээр олгогдсон картын тоо 16581, дахин олголт буюу хаяж гээгдүүлсэн картын тоо 5672 байв.
2024-2025 оны хичээлийн жилд уг журам хэвээр мөрдөгдөнө.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/143 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Босго оноо тогтоох тухай” А/170 дугаар тушаалын хүрээнд элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын чиглэлийг Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/3105 тоот албан бичгээр дээд боловсролын сургалтын байгууллагуудад хүргүүлсэн.
Холбогдох журам, тушаалын дагуу 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж байна.
Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны хуралдаанаар ШУТИС-ийн харьяа дэлхийн жишигт нийцсэн олон улсын инженерийн сургуулийг ирэх 6 жилийн дотор цогцлуулан хөгжүүлэх шийдвэр гарсан. Тус төслийн хүрээнд:
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөшигтийн хөндийд цогцолбор сургууль байгуулна.
Монгол Улсын Алсын хараа 2050 хөгжлийн бодлогын хүрээнд 38000 нарийн мэргэжлийн инженер бэлтгэхээр зорьсон. Төслийн үр дүнд 2030 он хүртэл 8000 гаруй инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэн гаргана.
Дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, кампусыг барьж байгуулахаар төлөвлөгдсөн.
ТА БҮХЭН ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МӨРДӨГДӨЖ БУЙ ТОГТООЛ, ДҮРЭМ, ЖУРАМ, ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АШИГЛААРАЙ.
Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаар тогтоолын хавсралт “ГАДААДЫН БОЛОН ДОТООДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ /ХӨТӨЛБӨРИЙН НЭР/, ИНДЕКС ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” А/146 дугаар тушаал
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” А/53 дугаар тушаалаар баталсан “ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/147 дугаар тушаалын хавсралт “ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА”
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ”
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТООГ ТОГТООХ АРГАЧЛАЛ”
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “БОСГО ОНОО ТОГТООХ ТУХАЙ” А/170 дугаар тушаал