#18: Насан туршийн суралцахуй
Орчин үед насан туршийн суралцахуй нь өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын ирээдүйд баримтлах боловсролын бодлогын үндсэн үзэл баримтлал болж байна.
Боловсролын ерөнхий хуулийн 3.1.7-д “Насан туршийн суралцахуй” гэж хүн хэрэгцээ, сонирхол, боломж, нөхцөлдөө нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа албан, албан бус сургалтаар болон амьдралын орчинд суралцах замаар тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэх үйл ажиллагаа” хэмээн тодорхойлсон бөгөөд хуульд нийцүүлэн насан туршийн суралцахуйн чиглэлээрх дараах эрх зүйн актууд батлагдан гарч хэрэгжүүлж байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 222 дугаар тогтоолоор баталсан “Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”
Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/175 дугаар тушаалаар баталсан “Насан туршийн суралцахуйн тэргүүлэх чиглэл”
Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/535 дугаар тушаалаар баталсан “Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааны журам”
Үндэсний хэмжээнд Насан туршийн суралцахуйн 27 төвд 383 албан хаагч, сумдад 349 албан бус боловсролын багш ажиллаж 2024 оны эхний хагас жилд тухайн орон нутгийнхаа оршин суугчдын хэрэгцээ, хүсэл сонирхлын дагуу давхардсан тоогоор 242 төрлийн 7019 удаагийн сургалт зохион байгуулж, 281817 иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлсэн байна.
Орон нутгийн иргэдийн дунд 255 төрлийн 2370 удаагийн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж 197050 иргэн хамруулсан бөгөөд иргэд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэх, ажлын байраа олох зэрэг эерэг үр дүнгүүд гарч байна.
Боловсрол нөхөн олгох сургалтад нийт 2946 хүүхэд болон насанд хүрсэн иргэн хамрагдсанаас 285 нь бага, 921 нь суурь, 1108 нь бүрэн дунд боловсролын түвшинд мэдлэг, чадвараа ахиулсан байна.
Бичиг үсгийн сургалтад нийт 987 иргэн хамрагдсанаас 437 нь анхан шатны, 265 нь дунд шатны, 324 нь гүнзгий шатны агуулгаар хичээллэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй 155 иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлснээс 22 хэвтрийн дэглэмтэй иргэд байна.
Үндэсний хэмжээнд 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд НТСТ-ийн албан хаагчдыг чадавхжуулах, сумдын албан бус боловсролын багшийн ажлын байрны тодорхойлолтыг нөхцөл байдлын судалгаанд үндэслэн шинэчлэх зэрэг анхаарах асуудлуудтай уялдуулан дараах сургалт, уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
Насан туршийн суралцахуйн төвийн удирдах ажилтны цахим сургалт;
Насан туршийн суралцахуйн төвийн багшийн цахим ур чадварыг дээшлүүлэх хосолсон сургалт, чадавхжуулах бүсчилсэн сургалт;
Насанд хүрэгчдэд зориулсан “Мэдээлэл харилцаа холбоо, технологийн боловсрол”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш бэлтгэх.
Эрх зүйн актуудтай дараах линкээр орж танилцаарай:
“Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”
“Насан туршийн суралцахуйн тэргүүлэх чиглэл”
“Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааны журам”